Мэдээ мэдээлэл

Н.Хүдэрчулуун: Иргэд, ААН-үүдийн санхүүгийн хүндрэлийг даатгагчийн баталгаагаар шийдвэрлэх боломж бүрдлээ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Даатгалын тухай хуулиудад даатгагчийн баталгаа гаргах боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг тусгаж, нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуунтай ярилцлаа.

- Юуны өмнө, даатгагч баталгаа гаргахтай холбоотой одоогийн зохицуулалт ямар байгаа талаар ярилцлагаа эхлүүлье?

- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендерт оролцогч нь тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа болон урьдчилгаа төлбөрийн баталгааг зөвхөн Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаас, банкны баталгаагаар ирүүлэхээр тусгасан байдаг тул энэ нь даатгагч нарын зах зээлд баталгаа, батлан даалт гаргах боломжийг хязгаарлаад байсан. Өөрөөр хэлбэл, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд мөн хувийн хэвшил, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хувьд ч тендерийн үйл ажиллагаандаа зөвхөн банкны баталгааг хүлээн зөвшөөрөх нь хэвшиж тогтсон ойлголт бөгөөд энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд санхүүгийн дарамт үүсгэдэг байсан.

Тэгвэл дээрх асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор УИХ-аас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Даатгалын тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулиудад даатгагч нь баталгаа, батлан даалт гаргах боломжийг бүрдүүлсэн нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Ингэснээр орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг даатгагчийн баталгаагаар шийдвэрлэх, төрийн худалдан авах ажиллагаанаас гадна аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн тендерт даатгагчийн баталгааг хүлээн авах боломжтой болсон бөгөөд энэхүү өөрчлөлт нь санхүүгийн салбарт, түүний дотор даатгалын салбарт томоохон өсөлтийг авчрах хөшүүрэг болно гэж бид харж байна.

GFS

- Дээрх хуулиудад оруулсан нэмэлт, өөрчлөлт нь санхүүгийн салбарт томоохон өсөлт, хөгжлийг авчирна гэж байна. Энэ талаар товч танилцуулахгүй юу. Тэр дундаа даатгалын салбарт ямар, ямар өөрчлөлтийг авчирна гэж харж байна вэ?

- Өнөөдрийн байдлаар даатгалын салбар нь санхүүгийн нийт салбарын 2 хүрэхгүй хувийг эзэлж байна. Ийм учраас даатгалын салбарт салхи оруулж, салбарын өсөлтийг бий болгоход дэмжлэг үзүүлэх шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэгтэй энэ үед уг зохицуулалтыг бий болгосон нь даатгалын зах зээлийг өргөжүүлэн тэлэх цаашилбал улс орны эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болох боломжийг бүрдүүлж байна. Тухайлбал даатгалын салбарын үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийг өсгөж, салбарын хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлага, санхүүгийн чадамжийг дээшлүүлэх ач холбогдолтой. Үүний зэрэгцээ иргэд, хувийн хэвшлийнхний санхүүгийн хүндрэлийг эдийн засгийн үр өгөөжтэй байдлаар шийдвэрлэх, санхүүгийн салбарт зөв өрсөлдөөнийг бий болгох, мөнгөн урсгалын эргэлтийг нэмэгдүүлэх улмаар олон тулгуурт санхүүгийн зах зээл, эдийн засгийг дэмжсэн бодлого, эрх зүйн чухал үр нөлөөтэй алхам болсон.

Даатгалын салбарт санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болсноор салбарын мэргэжилтэн, боловсон хүчнийг чадавхжуулах, холбогдох мэдээллийн санг бүрдүүлэх гээд нэлээдгүй шаардлага зах зээл дээр бий болж байгаа бөгөөд энэ нь салбарын дэд бүтэц, хөгжлийг дараагийн шатанд авчрах хөшүүрэг болно. Нөгөөтэйгүүр жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ч санхүүгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах боломжийг бүрдүүлж чадсан гэдгийг онцлох нь зүйтэй.

- Иргэд болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд яг ямар давуу тал бий болж байна вэ?

- Төрийн худалдан авах ажиллагааны газраас энэ онд зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 3.1 их наяд төгрөгийн буюу оны эхний хагас жилийн байдлаарх ДНБ-ий 13.5 хувьтай тэнцэхүйц 717 төсөл, арга хэмжээг төсвийн ерөнхийлөн захирагчид хэрэгжүүлэхээр тусгасан байна. Мөн хууль санаачлагчдын хийсэн судалгаагаар сүүлийн 5 жилд хувийн хэвшлийнхэн болон аж ахуйн нэгжүүд 2.3 их наяд төгрөгийг банканд баталгаа хэлбэрээр хүүгүйгээр байршуулан царцааж байна гэдгийг онцолж байсан.

Эдгээр баталгаа нь хувийн хэвшлийнхэнд гол бэрхшээл нь болж байсан.

Харин даатгалын компаниуд баталгаа гаргаж эхэлснээр иргэд, хувийн хэвшлийнхэнд учрах санхүүгийн хүндрэл, бэрхшээлүүд илүү хямд, амар байдлаар шийдвэрлэгдэх боломжтой болно.

Мөн хуулийн төсөлд орсон бас нэг чухал заалт бол орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг даатгагчийн баталгаагаар гаргах боломжийг бүрдүүлсэн явдал юм. Одоогийн байдлаар 20 гаруй мянган иргэн ипотекийн зээлд хамрагдахаар хүсэлтээ өгөөд байгаа талаар мэдээлэл байдаг. Иргэдийн хувьд ипотекийн зээлд хамрагдахын тулд банканд 20-30 хувийн урьдчилгаа төлдөг бөгөөд хүсэлт гаргасан айл, өрх бүр энэ мөнгийг нэг дор төлөх боломж бололцоо тэр бүр байхгүй. Иймд энэ хэрэгцээг даатгалын баталгаагаар хангаснаар иргэдэд учрах санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх, ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх үүнтэй холбоотой бусад салбарын үйл ажиллагаанд дэмжлэг болох зэрэг нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой.

- Эдгээр зохицуулалттай холбоотой оролцогч талуудын зүгээс ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

- Даатгалын тухай хуульд даатгагч баталгаа гаргах талаарх зохицуулалтыг тусгахдаа уг харилцааг зохицуулсан журмыг Санхүүгийн зохицуулах хорооноос баталж, мөрдүүлэхээр заасан. Иймд бид даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагаа болон баталгаанд тавих шаардлага, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулсан “Даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааны журам”-ыг батлаад байна. Ингэснээр даатгалын компаниуд баталгаа гаргах үйл ажиллагаа эрхлэхдээ санхүү, төлбөрийн чадвар болоод удирдлага, зохион байгуулалтын хувьд ямар шаардлага тавигдах, хэдий хэмжээний баталгааг гаргаж болох, үүсэж болзошгүй эрсдэлээс хэрхэн сэргийлэх зэрэг шаардлагуудыг тодорхой болгож өгсөн. Тодруулбал, даатгагч нарын баталгаа гаргах үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин бүрэн бүрдсэн гэж хэлж болно. Бидний тооцоолсноор даатгалын компаниуд 70 орчим тэрбум төгрөгийн баталгаа гаргах боломжтой бөгөөд энэ нь нийт гаргаж буй баталгааны 30 орчим хувийг даатгагчийн баталгаагаар хангуулах боломжийг бүрдүүлж байна гэсэн үг юм.

Даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагаа нь шинэ үйлчилгээ, үйл ажиллагаа бөгөөд баталгаатай холбоотой эрсдэлийг үнэлэх мэдээллийн сан, туршлага дутмаг. Мөн гэрээний үүрэг зөрчигдөх үед өндөр дүнтэй гэрээний төлбөрийг төлөх шаардлагууд бий болж, даатгагчийн санхүүгийн чадавхад тодорхой хэмжээгээр дарамт үүсэх, тэдний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсэж болзошгүй. Иймд даатгагчийн хувьд баталгаа гаргуулагч талын эрсдэлийг маш нарийн сайн тооцоолж, мэргэжлийн өндөр түвшинд буюу нарийн төлөвлөлт, судалгаа шинжилгээнд үндэслэн, мэдээллийн сан, мэргэшсэн боловсон хүчин, удирдлага зохион байгуулалт бүхий эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж хийх зайлшгүй шаардлага бий болоод байна.

- Даатгагч баталгаа гаргах нь өндөр эрсдэлийг дагуулдаг гэлээ. Даатгалын компаниуд энэ эрсдэлийг дааж чадах уу, ер нь энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бэлэн үү?

- Өмнө нь дурдсанчлан даатгагч баталгаа гаргаж эхэлснээр нэг талаасаа үйл ажиллагаа нь өргөжиж, салбарын нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүрэг нэмэгдэх боломж бүрдэх ч нөгөө талаас даатгагчийн хүлээж авах эрсдэл тэр хэмжээгээр өсөх, даатгагчийн санхүүгийн чадавхад тодорхой хэмжээгээр дарамт үүсэх нөхцөл бүрдэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ бүх даатгагч энэ зах зээл рүү орно гэж байхгүй. Даатгагч өөрийн хөрөнгө, санхүүгийн чадвар, эрсдэл даах чадвартаа нийцүүлэн баталгаа гаргах эсэх шийдвэрийг гаргана. Өөрөөр хэлбэл, даатгалын компани тус бүрийн эрхэлж буй үйл ажиллагааны цар хүрээ, санхүүгийн болон хөрөнгийн чадвар гээд нөхцөл байдал нь бүгд ялгаатай учраас компани тус бүрийн хүлээж авах эрсдэлийн хэмжээ ялгаатай.

Иймд өөрийн санхүүгийн чадавхаас давсан эрсдэлийн хувьд нэг бол баталгаа гаргахаас татгалзах эсхүл төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг хангахын тулд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай болно.

Үүнээс гадна хамтын даатгал, давхар даатгал болон бусад арга хэрэгслийг ашиглаж өөрийн хүлээж авсан эрсдэлийг шилжүүлэх бүрэн боломжтой.

Өөрөөр хэлбэл, даатгагч нар хамтраад энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлбэл эрсдэлийг илүү бууруулах боломжтой. Тийм ч учраас, баталгаа гаргах үйл ажиллагаа эрхлэх даатгагч нарыг нэгдсэн зохион байгуулалт бүхий хамтын удирдлагын бүтцийг бий болгож ажиллах шаардлагыг бид журамдаа тусгаад байна.

Даатгалын компаниуд хамтраад гэрээний нийтлэг загвараа гаргаж, нэг үнийн түвшнийг барьж ажиллах бөгөөд даатгагчийн баталгаатай холбоотой мэдээллийн нэгдсэн сан, хамтын эрсдэлийн санг байгуулж ажиллах юм. Ингэснээр нэг талаас даатгалын компаниуд харилцагчаа таних, эрсдэлийн үнэлгээ хийх чиглэлээр хамтран ажиллаж эрсдэлээ бууруулах боломжтой. Нөгөө талаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйлчилгээний зардал буурч, үйлчилгээг илүү амар хялбар байдлаар авах боломжтой болно. Нэмж хэлэхэд, хуулиудад оруулсан нэмэлт, өөрчлөлт нь өнгөрсөн сарын 31-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангахад нэн шаардлагатай зохицуулалтын журмыг бид баталсан. Харин одоо даатгалын компаниуд нэгдсэн зохион байгуулалттайгаар хамтран ажиллаж, баталгаа гаргах үйл ажиллагааныхаа эхлэлийг зөв тавих л үлдээд байна.

- Олон улсад даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлдэг бол...?

- Манай улсын хувьд шинээр гарч ирж буй ойлголт бол бусад орны хувьд түгээмэл хэрэглэгддэг бөгөөд зөвхөн даатгалын салбарт төдийгүй санхүүгийн бусад салбартаа ч дэмжлэг үзүүлдэг үйл ажиллагаа юм. Тухайлбал, Солонгост 1970-аад оноос хойш даатгагч нар баталгаа гаргах үйл ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд бүтээгдэхүүн хөгжлийн төрөл бүрийн үе шатыг дамжин хөгжиж ирсэн байна. Өнөөдрийн байдлаар тус улсад баталгааны даатгалын үйл ажиллагааг нэг компанид төвлөрүүлэн, баталгааны даатгалын цогц үйлчилгээг нэг дороос үзүүлж байна. Үүнээс гадна Энэтхэг улсын хувьд Даатгалын зохицуулалт, хөгжлийн газраас даатгагчийн гаргах баталгааны онцлог шинж чанар болон тухайн үйл ажиллагааны эрсдэл, онцлогийг харгалзан баталгааны даатгалын бизнесийг зохицуулах, хөгжүүлэх зорилгоор холбогдох журмыг баталж, мөрдүүлж байна. Энэ мэтээр АНУ, Сингапур, Герман зэрэг олон улсын даатгалын салбарт даатгагчийн баталгааны зохицуулалтыг бий болгож, уг баталгаа нь салбартаа тодорхой үүргийг гүйцэтгэдэг юм билээ.